6/15/2011

Маркетинг сэтгүүлийн 16 дахь дугаар

_
Би 2009 оны 1-р сараас эхлэн өөрийн их сургуулийн анд нар болох Б.Амаржаргал, М.Тэмүүлэн, Б.Ганбаатар, Г.Ганзориг нартай хамтран МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ..." уриатай "МАРКЕТИНГ" сэтгүүлийг эрхлэн гаргаад өнөөдөр 16 дахь дугаар гарлаа. 

"МАРКЕТИНГ" сэтгүүлийн гол зорилго бол Монголын маркетингийн хөгжлийг шинэ түвшинд аваачих байсан юм. 2009 онд бид хэд сургуулиа төгсөөд 2 жил болсон байлаа. Манай бусад хамтрагчид маань Юнитель, Анод банк, Туушин зэрэг компаниудад мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулан, өнөөгийн маркетингийн байдал, ажлын явц, хандлагын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон учир энэ сэтгэл зүйд өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл МАРКЕТИНГ сэтгүүлийг бүтээлгэсэн юм. Хамдаа сэтгүүлээ бэлтгэж, дизайныг нь бэлтгэж, хэвлүүлж, ууталж, тарааж явсан нөхөддөө баярлалаа. 

Уг сэтгүүлийг маш олон байгууллагын маркетингийн мэргэжилтнүүдэд уншиж, захиалж, маш олон хүмүүстэй уулзаж, танилцаж байсан хэдий ч мэргэжлийн сэтгүүлээ дэмжиж ажиллаж байсан байгууллага уг сэтгүүлийг цааш авч явахад хангалтгүй байсан. Тиймээс бид уг сэтгүүлийг өөрсдийнхөө боломжийн хэрээр аль болох тасралтгүй гаргахыг хичээн хөрөнгө оруулж байсан юм. 

Өнөөдөр уг сэтгүүлийг дэмжигч байгууллага нь The New Media Marketing Agency болсонд би маш их баяртай байна. 16-р дугаарыг бэлтгэн гаргахад хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулсан нийт багийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. 

Энэ удаагийн дугаарт New Media Marketing буюу Дэвшилтэт медиа маркетингийн тухай ойлголтыг өгөхөөр бэлтгэгдсэн юм. Өнөөдрийн дэлхийн маркетингийн хөгжлийн хандлага нь энэ салбар ухагдахуунд шилжиж байгаа бөгөөд Монголын бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжлийнхэн мөн энэ чиглэлийг барьж, анхаарал хандуулж ажиллах нь чухал юм.  

Өмнөх дугаарууд нь ном сэтгүүл худалдаалагддаг бүхий л дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр дугааруудын үлдэгдлийг буцаан татаж Нийтийн болон Их дээд сургуулиудын бусад мэргэжлийн байгууллагуудын номын санд бэлэглэхээр шийдэж байгаагаа энэхүү блогоороо мэдэгдэж байна. Би тийм ч олон байгууллагуудыг нэрлэж мэдэхгүй, орхигдуулж болох тул уг сэтгүүлийг байх ёстой гэж үзэж буй газруудаа надад мэдэгдвэл би маш их баярлах болно.

Цаашид уг сэтгүүл нь зөвхөн цахим хэлбэрээр худалдаалагдах бөгөөд үнэ болоод бусад олон зүйл дээр танд таалагдах болно гэдэгт бид найдаж байна. 

Маркетинг сэтгүүлийг сонгон уншдаг уншигч, захиалагч, сонирхогч, дэмжигч, мэргэжил нэгт та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ дахин дахин хэлмээр байна. 

Хүндэтгэсэн, 

Монголын маркетингийн хөгжлийн төлөөх маркетинг сэтгүүлийг санаачлагч, эрхлэгч

The New Media Marketing Agency-н Маркетингийн газрын захирал

Т.Төгөлдөр

 

No comments:

Post a Comment