10/19/2010

VOLVO компанийн маркетингийн кампанит ажил

Цахим шуудангийн маркетингийн зохист хэрэглээ ямар үр ашиг авчирч болох, бид маркетингийн зардлын өгөөжийг тооцох ямар боломжтой болохыг доорх жишээгээр тайлбарлахыг эрмэлзлээ. Өмнөх Цахим шуудангийн маркетингийн зохист хэрэглээ -ний талаарх нийтлэлээс та цахим шууданг өөрийн маркетингийн төлөвлөгөөнд оруулах нь чухал гэдгийг ойлгосон бол энэ удаагийн сэдэвт та хэрхэн төлөвлөж, кампанит ажлыг зохион байгуулж болохыг дэлхийн авто машин худалдааны зах зээл дээр өрсөлдөгч VOLVO компанийн амжилттай хэрэгжүүлсэн жишээг хүргэж байна.  

 

Нөхцөл байдал

Volvo брэнд нь өөрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн зорилтот хэрэглэгчдийг судлан тэд хаанаас худалдан авалтынхаа мэдээ, мэдээллийг авдаг талаар судалгаа явуулсан байна. Ингээд судалгаа явуулсаны үр дүнд тэд цахим сүлжээнд тэдний ихэнх хэрэглэгчид холбогдсон байдгийг олж тогтоосон байна. Тиймээс тэд хэрэглэгч хаана бид тэнд гэсэн маркетингийн зарчмаар цахим сүлжээг ашиглан өөрсдийн зорилтот хэрэглэгчиддээ цахим шуудан явуулж бараа бүтээгдэхүүнээ танилцуулах нь хамгийн үр дүнтэй болохыг олж мэдсэн байна.

Зорилго болон стратеги

Нэг хэсэг зах зээл дээр унаад байсан Volvo брэндийн нэр хүндийн өсгөх, цаашлаад борлуулалтыг өсгөхийн тулд тэд маркетингийн шинэ арга техникийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд туршиж үзэх хэрэгтэй байлаа. Цахим шуудангийн маркетинг нь хэдийгээр маркетингийн цоо шинэ арга техник биш боловч Volvo брэндийн хувьд урьд өмнө нь ашиглаж байгаагүй маркетингийн нэг хэрэгсэл байсан юм. Иймээс тэд цахим шуудангийн маркетингийг ашиглан өөрсдийн шинэ болон хуучин брэндүүдээ хэрэглэгчдээр үнэлүүлэх болон сурталчилахад энэхүү кампанит ажлын зорилго оршиж байсан юм.
Ингээд тэд өөрсдийн хэрэглэгчдийн цахим шуудангийн хаягийг идэвхитэй хайсны үндсэн дээр нийт 100.000 хэрэглэгчийн хаягийг цуглуулж чадсан байна. Энэхүү цахим шуудангийн листийг тэд зүгээр ч нэг цуглуулаагүй бөгөөд автомашин хэрэглэгчдийн дотроос 30-дээш насны хотын иргэдийн цахим шуудангийн хаягыг цуглуулсан бөгөөд тэдний хамгийн том тавьж байсан шалгуур бол манай бүтээгдэхүүнийг хэрэглэх магадлалтай гэдэг шалгуур байсан юм.
Цахим шуудангийн хаягийг цуглуулж дууссаны дараа цахим шуудангийн маркетингийн кампанит ажлаа мэдээ хэлбэрээр болон видео хэлбэрээр гэсэн хоёр төрлийн стратегиар эхлүүлсэн байна.

Гүйцэтгэл

Нийт цуглуулсан 100.000 хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг руу эхлээд мэдээ хэлбэрийн сурталчилгааг явуулсан бөгөөд үүнийг тэд e-Circle (цахим шуудангийн маркетингийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага) –тэй хамтран c30, v70 болон s80 Volvo загварын авто машинуудын сурталчилгааг явуулсан байна. Мөн тэд сурталчилгааны доод хэсэгт хэрэглэгчдээр тус загварын авто машиныг үнэлэх хэсэг оруулсан бөгөөд үүний гол зорилго нь хэрэглэгчдийн санаа бодлыг давхар авах, мөн хэрэглэгч нартай харилцаатай байх зорилготой байсан юм. Цахим шуудангийн маркетингийн нэг сул тал нь хэрэв тухайн хэрэглэгчийн анхаарлыг татаж чадаагүй нэр өгөх болон дизайн зохиож (сурталчилгааны) чадаагүй бол ямар ч дүр дүнгүй (хэрэглэгчид үзэхгүй) үйл ажиллагаа болдог учраас тэд энэ асуудал дээр маш сайн анхаарч “Хуучны тансаг мэдрэмж” хэмээн нэрлэсэн байна.
Хэсэг хугацааны дараа тэд видео цахим шуудан явуулж эхэлсэн бөгөөд энэхүү цахим шуудангийн нэрээ “Эрчүүдийн мөрөөдөл” хэмээн нэрлэсэн байна. Хожим нь тэд энэхүү видео цахим шуудангийн сурталчилгааг телевизийн сурталчилгаандаа ашиглаж эхэлсэн юм.

Үр дүн

Нийт явуулсан 100.000 хүний 76% нь цахим шууданг нээж үзсэн бөгөөд үүний 18% нь шинэ загаврын Volvo c30, c70 гэсэн загваруудыг худалдан авсан гэсэн статистик дүн гарсан байна. Тоо статистик үр дүнгээс гадна тэдний хамгийн том олсон амжилт бол өөрсдийн зорилтот хэрэглэгчдийнхээ цахим шуудангийн листийг үүсгэж чадсан нь байлаа. Энэ нь мэдээж дараа дараагийн мэдээ мэдээллийг хүргэхэд маш хялбар болсонд байгаа юм.

Эх сурвалж: Маркетинг сэтгүүл

No comments:

Post a Comment