8/08/2011

БОНД БОЛ МӨНГӨ ӨСГӨХ АРГА

39352_1415553546888_1174068171_31046651_1465641_n
Сэтгүүлч: Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө бидэнд танилцуулна уу

Цог: Сайн байна уу, би “БиДиСЕК” ХК-ийн хөрөнгө оруулалтын албаны менежер Ц.Цог байна. 

Сэтгүүлч: Тэгэхээр сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн талаар хүн бүр ярих боллоо. Энэ зах зээлийн онцлог, зах зээл дээрх бүтээгдэхүүний талаар хэлж өгнө үү.

Цог: Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн гол онцлог нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийж түүнээс өгөөж хүртэх, мөн хүссэн компанийнхаа хувийг үнэт цаасны арилжаагаар дамжуулан худалдан авч, тодорхой эрх үүрэгтэйгээр компанийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог юм. Манай хөрөнгийн зах зээл дээр одоогоор арилжаалагдаж буй хувьцаа болон бонд гэсэн үндсэн бүтээгдэхүүнүүд байна. Хувьцааны хувьд иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг болсон байх харин бондын талаар бол ихэнхи иргэд төдийлөн сайн мэддэггүй. Учир нь компанийн болон засгийн газрын бонд нь хөрөнгийн зах зээл дээр байнга арилжаалагдаад байдаггүй бүтээгдэхүүн юм.

Сэтгүүлч: Та манай уншигчдад бонд хэмээх үнэт цаасны талаар товч ойлголт өгнө үү

Цог: Бондыг та энгийнээр хэн нэгэнд мөнгөө хvvтэйгээр, тодорхой хугацаанд зээлvvлээд буцаагаад авч байгаа л хэрэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бондыг та банкны хадгаламжтай адилтган ойлгож ч болох юм. Та банкинд мөнгөө өндөр хүүтэйгээр хадгалуулахын тулд хугацаатай хадгаламжинд мөнгөө хадгалуулж хvv бодуулдаг. Тэгвэл бонд нь мөн хvv тооцдог бөгөөд тодорхой хугацаатай байна. Ялгаатай тал нь хүүгийн түвшин болон хугацаанаас нь өмнө хөрөнгөө тухайн өдөр хүртэл хүү бодуулан гаргуулж болдогтоо байгаа юм. Энэ ч утгаараа бонд хөрөнгө оруулалтын хамгийн таатай, эрсдэл багатай хэрэгсэл болж бусад орнуудад иргэдийнх нь энгийн хэрэглээ болсон байдаг. Нэг үгээр хэлэхэд мөнгө өсгөх найдвартай аргуудын нэг юм.

Сэтгүүлч: Бондыг ер нь хэрхэн ангилдаг вэ, жишээ нь засгийн газрын бонд, компанийн бонд гэх мэтээр ангилж ярих юм. Энэ талаар тодруулахгүй юу

Цог: Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа пvvс компани, аж ахуйн нэгж, тэр ч байтугай Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа хvртэл бондыг гаргаж болдог. Ингэхдээ бондын vнэ, хvv, хугацаа зэргээ өөрсдөө тогтоож өгдөг. Бондыг гаргаж байгаа хуулийн этгээдээр нь vндсэн хоёр хэсэгт хуваан vзэж болно. Эхнийх нь Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны бонд юм. Улс орон хөгжлийн явцдаа бvтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гvйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг зөвхөн гадаадын зээл тусламжаар биш, бонд гарган худалдах замаар төвлөрvvлж болдог. Эдгээр бондын хувьд Засгийн газар нь өөрөө баталгаа болдог бөгөөд бусадтай харьцуулахад хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чаддаг байна. Хоёр дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага компаниудын бонд хамаарна. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд өөрсдийн vйл ажиллагаа, томоохон төслийг санхvvжvvлэх vvднээс бонд гарган худалддаг бөгөөд байгууллагынхаа vндсэн хөрөнгийг барьцаалан бондын баталгаа болгодог.

Сэтгүүлч: Таны түрүүн хэлсэнчлэн бондод хөрөнгө оруулах нь яагаад найдвартай гэж ?

Цог: Бонд нь тухайн бонд гаргагч ашигтай ажилласан эсэхээс vл хамааран тогтмол хүүтэй бөгөөд хугацаандаа эргэн төлөгддөг vнэт цаас юм. Мөн бондыг vндсэн хөрөнгө болон бусад зvйлээр барьцаалан баталгаажуулдаг болохоор таны мөнгийг заавал буцааж өгдөг. Гэхдээ иргэдийн хувьд Засгийн газрын бондод хөрөнгө оруулах нь төдийлэн оновчтой бус. Уг бонд нь эрсдэлгүй хэдий ч хүүгийн түвшин бага байдаг. Тэгэхээр тухайн бондын голлох худалдан авагчид нь томоохон арилжааны банкууд, даатгалын сангууд зэрэг байдаг. Жишээлбэл хамгийн сүүлийн гарсан засгийн газрын бондын жилийн хүү нь 7.35 хувьтай байсан. Харин компанийн бондын хувьд найдвартай байдлыг хангаж үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийн хэмжээнээс илүү барьцаа хөрөнгийг баталгаа болгодог юм. Хүү ч харьцангуй өндөр байх шинжтэй байдаг. Учир нь компанид итгэж бонд худалдан авах хүмүүсийн итгэлийг үнэлж хүүгийн түвшинг хадгаламжийн хүүнээс өндөр байлгахыг зорьдог. Харин засгийн газрын хувьд эрх баригч өөрчлөгдсөн ч тухайн засгийн газар хэзээд төлөх үүрэг хүлээж байдаг онцлогтой.

Сэтгүүлч: Манай улсын бондын хөгжил ямар шатандаа байгаа бол, энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу

Цог: Манай улсад бонд гаргах түүх 1996 оноос эхэлсэн. Өнөөг хүртлэх хугацаанд засгийн газар нийт 263 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан гаргаж байсан бол компанийн бондын хувьд 2001-2008 онуудад 12 аж ахуй нэгж нийтдээ 13 тэрбум орчим төгрөгийн бондыг олон нийтэд гаргаж байжээ.Компанийн бонд нь 2008 оноос хойш гараагүй байсан бөгөөд манай компани энэ онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Жаст Агро” ХХК-ийн “Монгол Мах Бонд” гаргах зөвшөөрлийг аваад байна. Энэ бонд нь нийт 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 16.2 хувийн хүүтэй гэсэн үндсэн нөхцөлтэй байгаа. Харин Засгийн газрын хувьд ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 300 тэрбумын бондыг 8 сараас эхлүүлэн 10 сарын сүүлч хүртэл гаргахаар төлөвлөсөн байгаа.

Сэтгүүлч: Бонд нь хөрөнгийн захаас санхүүжилт татах нэг хэрэгсэл юм байна. Тэгвэл энэ нь хувьцаа гарган санхүүжилт татахаас ямар онцлогтой бол.

Цог: Хувьцаа гарган санхүүжилт татна гэдэг нь компани өөрийн хувийг олон нийтэд санал болгон худалдаалж шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хугацаагүйгээр татан төвлөрүүлэх арга бол бонд нь өөрийн хөрөнгийг барьцаалж шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олон нийтээс тодорхой хугацаатайгаар татан төвлөрүүлэх арга юм.Мөн бонд гарган санхүүжих нь үнэт цаас гаргагчийн хувьд санхүүгийн эх үүсвэрийг харьцангуй бага зардалтайгаар татан төвлөрүүлэх боломжтой. Тухайлбал арилжааны банкны зээлийн хүүгийн түвшнээс бага байх юм. Мөн арилжааны банкны нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ хязгаарлалттай байдаг бол бонд нь өөрийн хөрөнгийн хэмжээндээ тааруулан санхүүжилт татах боломжтой байдгаараа давуу талтай.

Сэтгүүлч: Хөрөнгө оруулагчдын хувьд бонд авахад юуг анхаарах вэ. Хэрхэн бондын хөрөнгө оруулалтанд оролцох вэ.

Цог: Бонд худалдан авч ашиг олохоор шийдсэн бол хэд хэдэн шинж чанарыг нь анхаарах хэрэгтэй. Тухайлбал найдвартай байдлыг анхаарна. Бондын буцаан төлөгдөх хугацаа дуусахад үндсэн болон хүүгийн төлбөр бvрэн төлөгдөж байх ёстой. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх баталгаа буюу барьцаа гэсэн үг. Мөн тухайн бонд нь ашигтай байна уу үгүй юу. Энэ нь бондын санал болгож буй хүү нь ямар түвшинд байна, ядаж л банкуудын хадгаламжийн хүүгээс өндөр байж бидэнд ашиг өгнө шүү дээ. Эцэст нь анхаарах асуудал бол бондын хөрвөх чадвар юм. Бонд нь хөрвөх чадвар өндөртэй үнэт цааст тооцогддог. Учир нь хөрөнгө оруулагч дуртай үедээ бондоо үнэт цаасны хоёрдогч зах зээлд буюу хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар дамжуулан худалдаж мөнгөө авах боломжтой байдаг. Мөн бондыг хоёрдогч зах зээл дээр худалдахад үнэ нь өсөх боломжтой. Жишээлбэл, та өндөр хүүтэй бонд эзэмшдэг байлаа гэж бодъё. Хүмүүс ч энэ бондыг худалдан авах сонирхолтой бөгөөд бонд нь анхдагч зах зээл дээр дуусчихсан байна. Тэгвэл та анх авсан үнэ дээрээ хэдэн төгрөг нэмээд зарчихад юу нь болохгvй гэж. Мөн түүнчлэн зарим бонд эд хөрөнгийн болон энгийн хувьцаанд хөрвөх гэсэн нөхцлүүдтэй байдаг.Хөрөнгө оруулагчдын хувьд бонд худалдан авахдаа хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн компаниар дамжуулан авна. Үүний тулд үнэт цаасны данс нээлгэн, уг дансандаа бонд худалдан авахад хүрэлцэх мөнгөө хийнэ. Брокер нь танд үйлчилсний төлбөр болгон дансны шимтгэл гэж тооцдог. Гэхдээ энэ нь хувьцааны шимтгэлийн хувьд харьцангуй бага байдаг.

Сэтгүүлч: Бондын арилжаанд эрсдэлд орох магадлал бий юу

Цог: Ер нь хүн бүр энэ зах зээлд хөрөнгө оруулахдаа мөнгөө алдчихаас хамгийн их айдаг. Мэдээж таны хөлс хvчээрээ олсон хэдэн төгрөгийг чинь хэн нэгэн нь аваад идчихгvй гэдэгт яаж итгэх билээ. Хамгийн гол эрсдэл нь таны мөнгийг хугацаанд нь бvрэн бvтэн, зохих хvvг нь тооцон буцааж өгөхгvй байх явдал юм. Магадгvй компани нь дампуурчих ч юм билvv гэж та бодож байгаа байх. Анх бондыг зах зээлд гаргахад нь барьцаа баталгаа болон vнэхээр ашигтай ажиллаж чадах эсэхийг мэргэжлийн байгууллагууд судлан vздэг. Барьцаанд тавьсан хөрөнгийг худалдан борлуулж бондын төлбөрийг барагдуулахаар хуулинд тусгасан нь эрсдлээс хамгаалж буй нэг арга. Дээрээс нь та бондыг нь худалдан авсан компаниа юу хийж байгаа талаар анхаарч, судалж байнгын мэдээлэлтэй байх хэрэгтэй. Харин Засгийн газрын бонд бол эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж тооцогддог юм.

Сэтгүүлч: За манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье 

Цог: Баярлалаа. Танай хамт олон болон нийт уншигчиддаа сайн сайхан бүхнийг хүсье. Хөрөнгө оруулалт тань өгөөжтэй байг. 

Ярилцлага өгсөн: Ц.Цог

www.bdsec.mn

No comments:

Post a Comment